Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаатай холбоотой

Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагааг хэрхэн явуулдаг

Манай улсын хувьд институционал хөрөнгө оруулагчдын тоог нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын сангийн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр УИХ-аас Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг баталсан. Тус хуулийн дагуу Хөрөнгө оруулалтын санг хамгийн багадаа 100 сая төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгө бүхий хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд үүсгэн байгуулахаар зохицуулсан.


Хөрөнгө оруулалтын сантай холбоотой

Кастодиан?

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 46.1-д зааснаар “Үнэт цаас өмчлөгчийн өмчлөл дэх үнэт цаасыг хадгалах, үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх бусад эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой үйлчилгээг үзүүлэх ажиллагааг кастодианы үйл ажиллагаа”-г хэлдэг байна.

Кастодианы банк ХОС-гийн хөрөнгийн бүртгэл, хадгалалтыг сантай байгуулсан хөрөнгө хадгалах гэрээний үндсэн дээр эрхлэхээр хуульд заасан. Ингэснээр хөрөнгийн найдвартай хадгалалт, бүртгэл, хяналтын зах зээлийн дотоод бүтцийг бий болгох бөгөөд зах зээлийн мэргэжлийн оролцогч тус бүрийн үзүүлж байгаа үйлчилгээ, үйл ажиллагааны хяналтыг бүрдүүлэх боломж бий болно.

Дотоодын хуримтлалыг дотоодын хөрөнгийн зах зээлд илүү өндөр үр ашигтайгаар мэргэжлийн түвшинд эргэлтэд оруулах, цаашлаад төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах зорилгоор гадаадын хөрөнгө оруулалтыг сангаар дамжуулан татах, улмаар гадаад өрийн дарамтыг бууруулах, валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хөдөлгөх боломжийг нээж өгөх юм.

Хөрөнгө оруулалтын сан гэж юу вэ?

Хөрөнгийн зах зээлийн томоохон мэргэжлийн тоглогчдын нэг бол олон улсад хөрөнгө оруулалтын сангууд байдаг. Өндөр ур чадвартай мэргэжлийн баг холбогдох судалгааг гүйцэтгэн, урт хугацааны томоохон хөрөнгө оруулалтыг хийж, өндөр өгөөжийг хөрөнгө оруулагч нарт амлахаас гадна хөрөнгө оруулалтыг төрөлжүүлж, эрсдэлийг тархаадаг.

хөрөнгө оруулалтын сан гэдэг нь хөрөнгө оруулалтын менежментийн компанийн удирдлагаар мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг эрхлэх зорилгоор нийтээс, эсхүл хаалттай хүрээнд төвлөрүүлсэн хөрөнгийн санг ойлгоно. Хөрөнгө оруулалтын сан нь хуулийн этгээдийн эрхтэй байх бөгөөд ажилтангүй тусгай зориулалтын компани байдаг ба аж ахуйн нэгжийн орлогын татвараас чөлөөлөгддөг.

Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа явуулах хугацааг хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрээс үл хамаарч 10 хүртэл жил байхаар хуульчилсан. Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг нэг шат ахиулсан.

Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиар мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх хөрөнгө оруулалтын сан нь төрлийн хувьд хамтын болон хувийн хэлбэртэй байна.

Хамтын болон Хувийн ХОС-гийн ялгаа?

Хамтын хөрөнгө оруулалтын сан нь нийтээс санд мөнгөн хөрөнгийн хуримтлалыг төвлөрүүлэн үнэт цаасны зохицуулалттай зах зээлд чөлөөтэй арилжаалагддаг хөрвөх чадвар өндөр санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх бөгөөд үйл ажиллагаа нь төрийн байнгын зохицуулалт, хяналтад байх, мэдээллээ нийтэд буюу нийт гишүүдэд нээлттэй байлгах зарчимд тулгуурлан үйл ажиллагаа эрхлэх юм.

Харин хувийн хөрөнгө оруулалтын сангийн тухайд гишүүд нь зөвшөөрсөн нөхцөлд заавал чөлөөтэй арилжаалагдах санхүүгийн хэрэгслээс гадна хаалттай компанийн хувьцаа болон бусад санхүүгийн хэрэгсэл, үл хөдлөх эд хөрөнгө зэрэг эрсдэл өндөр, хөрвөх чадвар харьцангуй хязгаарлагдмал санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийж болох бөгөөд эрсдэлээ өөрийн хөрөнгөөр бүрэн хүлээхээр зохицуулагдсан. Энэ нь тухайн ХОС-гийн үйл ажиллагааныхаа цар хүрээгээр Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 26.1-д заасан 12 төрлийн хөрөнгө оруулалтын хэрэгсэлд хөрөнгө оруулах боломжтой.


Хамтын санхүүжилт

Хамтарсан санхүүжилт гэж юу вэ?

Хамтарсан санхүүжилт гэж хэд хэдэн хөрөнгө оруулагч эсхүл зээл олгогч адил бичиг баримт болон баталгааны багцын дагуу, гэхдээ өөр өөр хүүгийн хэмжээ, эргэн төлөгдөх нөхцөл болзолтойгоор тодорхой нэг төслийг санхүүжүүлэхээр санал нийлж санхүүжилт хийдэг бөгөөд гадаад, дотоодын, улсын болон хувийн хөрөнгийг татах үр ашигтай арга юм. ХОС-гаар дамжуулан хөрөнгө оруулалт хийхдээ баталсан хөрөнгө оруулалтын бодлогын хүрээнд төслүүдэд хөрөнгө оруулалт хийх хамтарсан санхүүжилт олгохыг илүүд үзэх болсон бөгөөд ХОС-гуудаар дамжуулан хөрөнгө оруулалт хийсэн төслүүдэд гадаад, дотоодын санхүүгийн байгууллагуудтай хамтарсан санхүүжилт дээр хамтран ажиллах боломжтой юм.


Монгол Улсын Хөгжлийн банк

МУХБ болон түүний охин компани

УИХ-аас 2017 оны 2 дугаар сард баталсан “Монгол Улсын Хөгжлийн банкны тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7 дахь заалтад “Компанийн хувьцаа эзэмших, хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулалт хийх”, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Компанийн хувьцаа эзэмших, хөрөнгө оруулалтын санд хөрөнгө байршуулах шийдвэрийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн Засгийн газар гаргана” гэж заасан нь Монгол Улсын Хөгжлийн банкинд гадаад болон дотоодын зах зээлд хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах боломжийг олгосон.

МУХБ-ны талаар дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

МУЗГ-ын 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 135 дугаар тогтоолоор “Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн төслүүдийг санхүүжилтээр хангах хөрөнгө оруулалтын сан”-г хөрөнгө оруулалтын менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани хэлбэрээр байгуулахаар баталсан. Уг шийдвэрийн дагуу МУХБ нь “Ди Би Эм ассет менежмент” оноосон нэр бүхий компанийг МУХБ-ны 100 хувийн эзэмшилтэй, хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр байгуулсан. Тус компани нь 2017 оны 9 сард ОӨУБЕГ-т бүртгүүлж, Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 241 дүгээр тогтоолоор хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авснаар “Ди Би Эм Ассет Менежмент ҮЦК” ХХК болж хуульд тогтоомжоор заасан тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэх эрх зүйн бүрэн чадамж бүхий албан ёсны хөрөнгө оруулалтын менежментийн компани болсон.

“Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК нь олон улсын хөрөнгө оруулалтын банк, хөрөнгийн удирдлагын мэргэшсэн компаниудтай хамтран хөрөнгө оруулалтын сан /ХОС/-г үүсгэн байгуулж тухайн сангаар дамжуулан мэргэжлийн хөрөнгө оруулагчдаас урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэр бүрдүүлснээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөгжлийн томоохон төслүүдэд хөрөнгө оруулах үндсэн чиг үүрэгтэй.

Компанийн талаар дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.