Эдийн засгийг төрөлжүүлэх, өсөлтийг дэмжихэд чиглэсэн нийгэм эдийн засгийн ач холбогдолтой, үр ашигтай томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий төрөлжсөн сангуудыг үүсгэн байгуулах, удирдах чиг үүрэг бүхий “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийг Монгол улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 66 дугаар тогтоолын дагуу банкны 100 хувийн хөрөнгө оруулалттай охин компанийн хэлбэрээр  үүсгэн байгуулсан билээ.

Компанийг үүсгэн байгуулахдаа  УИХ-ын 2016 оны 71 дүгээр тогтоолоор баталсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т “Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн томоохон төслүүдийг урт хугацааны санхүүжилтээр хангах зорилгоор Хөрөнгө оруулалтын сан байгуулах” гэж заасныг хэрэгжүүлэхээр Засгийн газрын 2016 оны 208 дугаар тогтоолоор баталсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө, 2017 оны 135 дугаар тогтоолд “ Хөрөнгө оруулалтын сангуудыг үүсгэн байгуулах зорилго бүхий хөрөнгө оруулалтын менежментийн компанийг Монгол Улсын Хөгжлийн банкны охин компанийн хэлбэрээр үүсгэн байгуулах, энэхүү компанийн байгуулсан ХОС-гуудад хөрөнгө оруулах, хөрөнгө оруулалт татах ажлыг зохион байгуулах” гэж заасныг удирдлага болгосон билээ.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 155 дугаар тогтоолоор “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийг татан буулгахаар шийдвэрлэсэн боловч татан буулгах тохиолдолд Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөн, орлогод нийцсэн, хүлэмжийн хийн ялгарал багатай, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадвартай, амьдрахад таатай эко хороолол болгон хөгжүүлэх зорилготой “Улаанбаатар хотын орлогод нийцсэн орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл” /ОНОСХШТ/-ийн олон улсын зээлийн гэрээний заалтууд зөрчигдөх учраас Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 252 дугаар тогтоолоор тус компанийн үйл ажиллагааг сэргээсэн. Уг шийдвэрийн хэрэгжилттэй холбогдуулан “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 01 дүгээр шийдвэрээр компанийн үйл ажиллагааг сэргээх тухай шийдвэрийг гаргасан бөгөөд Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр компанийн шинэчилсэн дүрэм болон бүтцийг баталсан.

  • Бид гадаад, дотоодын мэргэжлийн хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөрөнгийн удирдлагын Монгол компани болон төлөвших зорилго дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд эх орныхоо эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, үр ашиг бүхий томоохон төслийг санхүүжүүлэхдээ дотоод гадаадын санхүүгийн байгууллагуудаас хөрөнгө санхүүгийн эх үүсвэр татах, хамтран хөрөнгө оруулалт хийх замаар эрсдэлээ хуваалцах зарчмыг удирдлага болгох болно. 
  • Бид үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай этгээд болохын хувьд компанийн үйл ажиллагаанд дотоод хяналт, эрсдэлийн удирдлага, засаглалын зохистой тогтолцоог бүрдүүлэн төлөвшүүлэх замаар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг эрхэмлэн ажиллах болно.

  • Бид үйл ажиллагаандаа Нэгдсэн үндэстний байгууллагын Хариуцлагатай хөрөнгө оруулалтын зарчмыг удирдлага болгон байгаль орчин, нийгэм болон засаглалын (Environmental, social and governance /ESG) хүчин зүйлсийг удирдамж болгох болно.

Манай компани нь үнэт цаасны зах зээлийн өөрийгөө зохицуулах байгууллага болох “Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо”-ны гишүүн байгууллага бөгөөд мэргэшсэн, дадлага, туршлага, боловсрол бүхий чадварлаг хамт олны бүрэлдхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байна.