Нийтэлсэн огноо: 2020 оны 04 сарын 23 12:00

Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation”-ийн 2019 оны нийт ашиг 252 сая ам.доллар хүрч, өмнөх оныхоос 9.4 хувиар өссөн байна. Цэвэр ашиг нь өмнөх жилийнхээс 15 орчим хувиар нэмэгдэж, 96.7 сая ам.доллар хүрчээ.

Харин тус компанийн орлого 2019 онд өмнөх жилийнхээс зургаан хувиар өсөж, 626.5 сая ам.доллар хүрсэн байна. Олборлосон нүүрсний хэмжээ харин 2018 онд 10.8 сая тонн байсан бол 2019 онд 10.7 сая болж буурсан байна. Боловсруулсан нүүрсний гарц мөн л өмнөх жилийнхээс багасаж, 5.5 сая тонн болсныг тус компани жилийн тайландаа оруулжээ. БНХАУ 2019 онд 546 сая тонн коксжих нүүрс хэрэглэснээс 75 сая тонныг нь импортоор авсан байна. Үүний 33.8 саяыг Монгол, 30.9 саяыг Австрали улс, үлдсэн 10 сая тонныг нь Канад, ОХУ, АНУ зэрэг бусад улс БНХАУ-д нийлүүлжээ.

“Mongolian Mining Corporation” нүүрсний үйлдвэрлэлдээ түр хугацааны зохицуулалт хийх зэргээр урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдалд зориулсан арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байгаа талаар 2020 оны I улирлын тайландаа дурдсан байна.

Эргэн сануулахад, тус компани дөрөвдүгээр сарын 10-наас зарим үйл ажиллагаагаа зогсоож, ажилчдаа 60 хувийн цалинтай сул зогсоосон тухай эх сурвалжууд мэдээлсэн юм.

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ