Нийтэлсэн огноо: 2020 оны 04 сарын 21 09:40

Газрын тосны үнэ түүхэн доод түвшнээ сэтлээд зогсохгүй хасах (-) руу орж, олборлогчид худалдан авагчдад мөнгө төлж эхэллээ.

Өнгөрсөн долоо хоногт 20 гаруй хувиар буурсан газрын тосны фьючерс үнэ даваа гарагт анх удаа 0-ээс доошиллоо. АНУ-ын WTI газрын тосны тавдугаар сард нийлүүлэх баррель үнэ даваа гарагт -40 ам.доллар хүрээд байна. Үүнийхээ дараа 100 гаруй хувиар өсөж, хоёр ам.доллар дээр ирээд байгаа юм. Ингэж буй шалтгаан нь “COVD-19”-ийн нөлөөгөөр олон улсад хөл хорио тогтоосноор газрын тосны эрэлт эрс буурсан байгаагийн зэрэгцээ нийлүүлэлт огцом нэмэгдсэн байна.

Улмаар АНУ-д газрын тосны агуулахууд дүүрч, илүү гарсан газрын тосыг хадгалах газаргүй болж, олборлогчид худалдан авагчдад мөнгө олгож эхлээд байгаа аж. Нөгөөтэйгөөр зургаадугаар сарын тээвэрлэлт 20 ам.доллар байгаа бөгөөд баррель тутамд 35 ам.долларын зөрүү үүсэж байгаа нь богино хугацаандаа газрын тосыг хадгалах газаргүй болж байгаатай холбоотой юм.

OPEC+ газрын тосны өдрийн гарцаа 9.7 сая баррелиар танахаар зөвшилцсөн ч тавдугаар сараас хэрэгжиж эхлэхээр байгаа тул Саудын Араб зэрэг зарим улс үүнээс өмнө үйлдвэрлэлээ нэмсээр байна. Энэ нь нөгөөтэйгөөр АНУ-ын занарын тос олборлогчдын эсрэг хийж буй алхам гэж харж болохоор байна. Хэдий тийм боловч одоогийн үнэ гол олборлогчид болох Саудын Араб болон ОХУ-д хүндээр тусаж буй учир зургаадугаар сарын OPEC-ийн Өргөтгөсөн бүлгийн уулзалтаар гарцаа танахад бэлэн байгаагаа хамтарсан мэдэгдэлдээ онцолжээ.

Харин АНУ-ын хувьд одоогийн үнийг ашиглан стратегийн нөөцөд 75 сая баррель газрын тос худалдан авахаа мэдэгдээд байна. Ингэхдээ Саудын Арабаас авах газрын тосны импортод хориг тавихаар төлөвлөж байгаагаа илэрхийлээд байгаа юм.

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ