Нийтэлсэн огноо: 2020 оны 04 сарын 15 16:15

БНХАУ-ын зэсийн импорт шинжээчдийн таамгаас өндөр гарахтай зэрэгцээд зэсийн ханш сэргэлээ. Нью-Йоркийн биржид нэг тонн зэсийн ханш 5150 ам.доллар хүрсэн нь сүүлийн дөрвөн долоо хоногийн хугацааны хамгийн өндөр ханшид тооцогдож байна. Өнгөрсөн долоо хоногт ханш нь 2008-2009 оны санхүүгийн хямралын үеийн түвшинд хүрч буураад байсан юм. Түүнялэн Лондоны Металлын биржид ханш нь өсжээ.

“COVID-19”-тэй холбоотой хязгаарлалтууд суларч, үйлдвэрүүд нь дахин ажиллаж эхэлсний дараа буюу гуравдугаар сард БНХАУ 442 мянган тонн боловсруулсан зэс импортолсон байна. Энэ нь жилийн өмнөхөөс 13 хувиар өсжээ. БНХАУ дэлхийн зэсийн нийлүүлэлтийн талаас илүүг хэрэглэгч орон бөгөөд зэсийн импорт нь өнгөрсөн онд үл ялиг буюу зургаан хувиар буурч, таван сая тонн болжээ. Тус улс гуравдугаар сард 1.78 сая тонн зэсийн баяжмал импортолсон нь өнгөрсөн оны есдүгээр сараас хойших хамгийн бага үзүүлэлт болсон байна. Улирлын дүнгээр нийт 5.55 сая тонныг импортолжээ.

Цаашид Өмнөд Америкийн уурхайнууд “COVID-19”-ийн тархалтаас сэргийлж, түр хаагдсаны улмаас нийлүүлэлтэд бэрхшээл учирч магадгүй гэж “Argonaut Securities”-ийн шинжээч үзэж байна.

Монгол Улсын тухайд зэсийн баяжмалын экспорт дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 352.1 мянган тонн болсон нь жилийн өмнөхтэй харьцуулахад 15.3 хувиар буурчээ. Тухайлбал: Гашуунсухайт боомтоор гаргасан экспорт 171.8 мянган тонн болж, 26.9 хувиар буурчээ. Энэ боомтоор “Оюу Толгой” ХХК бүтээгдэхүүнээ экспортолж байгаа юм.

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ