Нийтэлсэн огноо: 2020 оны 04 сарын 13 11:00

Гуравдугаар сард дотоодын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх сартай харьцуулахад 10 орчим хувиар буюу 260 тэрбум төгрөгөөр буурч, 2.4 их наяд төгрөг болсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Мөн хугацаанд “Топ-20” индекс өмнөх сарын дундаж үзүүлэлтээс дөрөв орчим хувиар буурсан байна. Түүнчлэн сарын сүүлийн арилжаа хаагдахад 11.1 хувиар буурч, 16,903.65 нэгжид хүрсэн нь сүүлийн гурав орчим жилд анх удаа 17 мянган нэгжээс буурсан үзүүлэлт боллоо.

Монголын Хөрөнгийн биржийн гуравдугаар сарын арилжааг харвал компаниудын хувьцааны ханш ерөнхийдөө унах тал руугаа давамгайлж байв. Ялангуяа үл хөдлөх хөрөнгө, уул уурхай, барилга болон хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьцааны ханш хамгийн их унажээ.

Тухайлбал: I ангилалд бүртгэлтэй “Тавантолгой” ХК-ийн нэгж хувьцааны ханш III сард 8.9 хувиар унаж, энэ сарын арилжаа эхлэхэд 6100 төгрөг болсон байна.

Мөн “Говь” ХК-ийн нэгж хувьцааны ханш III сард өмнөх сартай харьцуулахад 28 гаруй хувиар унаж, 170.5 төгрөгт хүрчээ. Энэ нь сүүлийн гурав орчим жилийн хамгийн доод үзүүлэлт болсон юм.

Хүнс болон даатгалын салбарын компаниудын хувьцаа ч мөн адил унах талдаа байсан боловч арилжаанд тоо ширхгээр болон үнийн дүнгээр харьцангуй идэвхтэй байв.

“COVID-19”-ийн хорио цээрийн арга хэмжээнээс болж компаниудын үйл ажиллагаа тасалдаж, дотоодын хөрөнгийн зах зээлд нөлөөлж байна гэж Монголын Хөрөнгийн биржээс тухайн үед тайлбарлаж байсан юм.

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ