Нийтэлсэн огноо: 2020 оны 04 сарын 08 17:00

"Аюулгүй хөрөнгө оруулалтын хэрэгсэл алтны эрэлт нэмэгдэж, ханш өсөх нь алт олборлогч компаниудад таатай хэдий ч алтны төслөө хөгжүүлж байгаа компаниудын хувьцаа савлагаа ихтэй байгаа"-г “MIBG”-ийн Гүйцэтгэх захирал А.Билгүүн онцолж байна.

Монголд алтны төсөл хөгжүүлж байгаа компаниудаас “Erdene Resource Development” компани "Хөндий" алтны төслийн нарийвчилсан ТЭЗҮ-ээ боловсруулж байгаа бөгөөд төлөвлөсний дагуу 2020 оны дундуур гаргахаар ажиллаж байна. Үүнээс гадна өнгөрсөн оны эцсээр тус компани Европын Сэргээн босголт хөгжлийн банкнаас таван сая ам.долларын хөрвөх нөхцөлтэй зээл татан төвлөрүүлсэн нь санхүүжилтийн баталгаа болж байна гэж тус компани үзэж байна.

Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines” компани Өмнөговь аймагт орших “Хармагтай” төслийн алмазан өрөмдлөгөө хоёрдугаар сард зогсоосон байна. Улмаар 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө эргэн нягталж, удирдлагын зардлаа 1.3 сая австрали доллар буюу 35 хувиар танахаар зорьж байна.

Үүний зэрэгцээ Дорноговь аймагт орших “Red Mountain” буюу “Улаан толгой” төслийнхөө хайгуулд зориулж Японы Газрын тос, хий, металлын үндэсний корпорацтай 7.2 сая хүртэлх ам.долларын санхүүжилт татах гэрээ байгуулжээ. Энэхүү төслийн хайгуулын ажлыг IV, V сард эхэлж, 11 дүгээр сар хүртэл үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.

Харин “Kincora Copper”-ийн тухайд Монгол дахь төслөөсөө илүүтэйгээр Австралид порфир зэсийн голлох бүс нутагт хайгуулын үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Хамгийн сүүлд Австралийн Нью Саут Уэльс муж дахь “Rarex Resources” компанийн төслүүд дэх 65 хувийн эзэмшлийг нь худалдаж авахаар хэлцэлд хүрчээ. Монголд “Хүрэл үнэг”, “Зүүн цагаан суварга”, мөн өнгөрсөн оноос алт зэсийн "Бадрах" төсөлд хайгуул хийхээр болсноо зарласан юм.

Олборлолтоо амжилттай эхэлсэн нэг гол төсөл бол “Steppe Gold”-ийн "Алтан цагаан овоо" бөгөөд тус компани энэ ордын хүдэр боловсруулах үйлдвэрлэлээ эхлүүлээд байна. Тонн тутамдаа хоёр грамм алтны агуулгатай 533 мянган тонн хүдрийн чулуулаг олборлож, овоолгон уусгах технологиор боловсруулж байна. Энэ жил 60 мянган унц алт боловсруулахаар төлөвлөжээ. Энэ онд тус компани Үндэсний хөрөнгө оруулалтын сангаас гурван сая ам.долларын санхүүжилт татахаар болсон юм.

 

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ