Нийтэлсэн огноо: 2020 оны 04 сарын 06 10:00

Оны эхний хоёр сарын байдлаар банкнуудын зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 0.5 хувиар өсөж, 17.2 их наяд төгрөг хүрлээ. Үүнээс иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 3.7 хувиар буурсан бол хувийн хэвшилд олгосон зээлийг үлдэгдэл 5.5 хувиар өссөн хөдөлгөөнтэй байна.

Сараар нь авч үзвэл хоёрдугаар сард зээлийн үлдэгдэл өмнөх сараасаа 4.1 хувиар буурсан хөдөлгөөнтэй байна. Зээлийн хүүгийн үзүүлэлтийг харвал шинээр олгосон төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү иргэдэд олгосон зээлийн хувьд 17.3 хувь, хувийн хэвшилд олгосон зээлийн хувьд 16.9 хувь байгаа юм. Тайлант сарын байдлаар чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.7 хувийг, хугацаа хэтэрсэн зээл зургаан хувийг эзэлжээ.

Цар тахалтай холбоотой нийтээр мөрдөж буй хязгаарлалт, хорио цээрийн дэглэм нь зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгааг Монголбанк онцоллоо. Энэ хүрээнд гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 26 мянган зээлдэгчийн 2.5 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд доголдол үүсээд байна. Үүнээс 65.1 хувь нь буюу хоёр их наяд төгрөг нь аж ахуйн нэгжид, 35 хувь нь буюу 545 тэрбум төгрөг нь иргэнд тус тус хамаарч байгааг онцолж байсан юм.

Арилжааны банкнууд Монголбанкнаас гаргасан багц шийдвэрийн дагуу зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг эхлүүлжээ.

 

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ