Нийтэлсэн огноо: 2020 оны 04 сарын 03 09:00

Дэлхийн хэмжээнд “COVID-19”-ийн халдвар авсан хүний тоо дөрвөн сарын хугацаанд нэг сая давлаа. Нас барсан хүний тоо 53 мянга байгаа бол эдгэрсэн хүний тоо 212 мянга боллоо. АНУ-д халдварын голомт болсон Нью-Йорк мужид халдварын тохиолдол 9000-аар нэмэгдсэн байна.

Нью-Йорк хотын захирагч оршин суугчдаа гэрээсээ гарах бүртээ нүүр, амаа халхлахыг уриалж байна. Тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп шинэ төрлийн “коронавирус”-ийн шинжилгээнд дахин орж халдваргүй нь тогтоогджээ.

Их Британид сүүлийн хоёр долоо хоногт ойролцоогоор нэг сая хүн нийгмийн халамжийн тэтгэмж хүсжээ. Үүнээс гадна “British Airways” 30 мянган ажилтандаа амралт олгож, цалингаа бууруулсан байна.

Португалд халдварын тохиолдол 9.5 хувиар нэмэгдэж, 9000 давав. Энэ нь өмнөх хоёр өдрөөс арай бага хурдаар өссөн дүн болж байна. Тус улс онц байдлын арга хэмжээгээ хоёр долоо хоногоор сунгаад байгаа юм. Мөн дөрөвдүгээр 9-13-ны өдрүүдийн бүх нислэгүүдээ цуцалжээ.

Харин Италид халдварын тохиолдол 4.6 мянгаар буюу өмнөх өдрөөсөө арай бага тоогоор нэмэгдсэн байна. Улсын хэмжээнд хөл хорио тогтоогоод гурван долоо хонож буй тус улсад “COVID-19”-ийн халдварын улмаас нас барсан хүний тоо 760-аар нэмэгдэж, 13.9 мянга хүрчээ.

Харин БНХАУ-д халдварын 166 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Үүнээс таван хүн тутмын дөрөв нь халдварын шинж тэмдэг илрээгүй талаар БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хороо мэдээлсэн байна. Шинж тэмдэг илэрсэн 30 гаруй хүн нь гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдлууд байна.

Хөл хорионы арга хэмжээгээ сунгасан Германд шинэ төрлийн “коронавирус”-ийн улмаас нас барсан хүний тоо 1000 давжээ. Халдварын тохиолдол 84.7 мянга давж, энэ үзүүлэлтээр Европт гуравдугаарт бичигдэж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хөл хөдөлгөөн хязгаарлалтын арга хэмжээгээ энэ сарыг дуустал сунгалаа. Тэрбээр "Шинэ төрлийн “коронавирус”-ийн тархалт оргил цэгтээ хүрээгүй байгаа"-г анхааруулсан байна. Москва болон бусад газруудад нөхцөл байдлыг хяналтдаа авч чадаагүй байгааг Владимир Путин онцолжээ.

Халдварын тохиолдол 37-оор нэмэгдэж, 800 давсан Хонгконгт шөнийн цэнгээний газруудыг энэ баасан гарагаас эхлэн 14 хоног хаах шийдвэр гаргасан байна.

Үүнээс гадна цахим худалдаа эрчимжиж байгаа энэ үед “Amazon.com” 80 мянган хүнийг шинээр ажилд авчээ. Нэмэлт ажиллах хүчний зардал өмнө тооцоолж байсан 350 сая ам.долларыг давах магадлалтай гэж тус компани мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ