Нийтэлсэн огноо: 2020 оны 04 сарын 01 14:30

Оны эхний гурван сард Төв банкны худалдаж авсан үнэт металлын хэмжээ 5.3 тонн хүрч өмнөх оны мөн үед 1.2 тонн алт худалдаж авч байсантай харьцуулахад дөрөв дахин өссөн үзүүлэлт боллоо.

Үнэт металлын 3.6 тонн нь алт, 1.7 тонн нь цагаан мөнгө байна. 2019 оны эхний гурван сард алтны нөөц ашигласны төлбөрийн эрх зүйн орчны тодорхой бус байдлаас үүдэж алт тушаалт огцом буурч байсан нь энэ оны огцом өсөлтөд нөлөөлж байна.

Мөн оны эхний саруудад алтны ханшийн өсөлт давамгайлж байлаа. Тухайлбал: тайлант гуравдугаар сард нэг грамм алт худалдан авах дундаж үнэ 141.5 мянган төгрөг байсан нь өмнөх оны мөн үеэс 30 орчим хувиар өндөр дүн боллоо.

Үүнээс гадна зорчигч тээврийн хөдөлгөөнийг хааснаар хууль бусаар алт хил давуулах үйлдлийг хязгаарласан байх талтай байна. Гадаад валютын албан нөөцийг бүрдүүлэгч гол хүчин зүйл нь алт юм.

Харин валютын нөөц хоёрдугаар сарын байдлаар дөрвөн тэрбум 371.3 сая ам.доллар байна. Энэ нь өмнөх сараас 0.22 хувиар, өмнөх оны мөн үеэс 21 хувиар өссөн үзүүлэлт боллоо.

 

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ