Нийтэлсэн огноо: 2020 оны 03 сарын 27 11:00

Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Aspire Mining” компани Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын өмнөх ажлыг гүйцэтгэх хугацааг 2021 оны есдүгээр сарын 18 хүртэл нийт 18 сараар сунгах зөвшөөрлөө авлаа.

Энэхүү төмөр зам нь Овоот коксжих нүүрсний ордын бүтээн байгуулалтад чухал ач холбогдолтой дэд бүтцийн төсөл юм. Одоогоор “Aspire Mining” компани Овоотын эхний шатны бүтээн байгуулалтын төсөлдөө голчлон анхаарал хандуулж байна. Энэ хүрээнд жилд дөрвөн сая хүртэлх тонн нүүрсийг тусгай зориулалтын авто замаар Эрдэнэтийн өртөө рүү тээвэрлэж, тэндээсээ зах зээлд гаргах боломжтой гэж үзэж байгаа юм.

“Aspire Mining” компани 80 хувийг нь эзэмшдэг "Northern Railways" компани Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замыг барьж, үйл ажиллагаа явуулж, Монгол Улсын Засгийн газарт шилжүүлэх нөхцөл бүхий 30 жилийн хугацаатай концессын гэрээг 2015 онд байгуулсан юм. Улмаар ТЭЗҮ-ийг нь 2018 онд боловсруулж дуусжээ. Одоо төмөр замын шугамын асуудлаар Монгол Улсын Засгийн газартай хэлэлцээ өрнүүлж байгаа ажээ.

Пүрэв гарагт Австралийн Хөрөнгийн биржийн арилжаагаар “Aspire Mining”-ийн хувьцааны ханш 11.7 хувиар буурчээ.

 

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ