Нийтэлсэн огноо: 2020 оны 03 сарын 27 13:30

“COVID-19” цар тахлын нөлөөгөөр үүсэж буй эдийн засгийн уналт хүндрэл учруулж байгааг Английн Төв банк мэдэгдлээ. Одоогийн зах зээлийн “шок” 2008 оны санхүүгийн хямралынхаас давж гарна гэж зарим компаниуд хэдийн тооцоолж эхэлсэн байна.

"Өргөн дүр зургаараа бизнесүүд зогсож, ажлын байр үлэмж хэмжээгээр нэмэгдвэл эрсдэл урт хугацаанд эдийн засагт сөргөөр нөлөөлнө" гэдгийг Английн Төв банкны удирдлагууд анхаарууллаа.

Шинэ төрлийн “коронавирус”-ийн тархалт эдийн засагт хүчтэй нөлөөлж эхэлсэн тул Их Британийн Засгийн газар ирэх гурван долоо хоногт хөл хорио тогтоогоод байгаа юм. Төв банкных нь зүгээс ч зах зээлээ тогтворжуулах арга хэмжээ авч, их хэмжээний бэлэн мөнгө нийлүүлсэн байна. Мөн шаардлагатай тохиолдолд эдийн засгийг тэтгэх нэмэлт арга хэмжээ авахаа зарлаад байгаа ажээ.

Пүрэв гарагт болсон хурлаар Английн Төв банкны мөнгөний бодлогын хорооны дийлэнх гишүүд бодлогын хүүг хэвээр үлдээж, бонд худалдан авах хөтөлбөртөө өөрчлөлт оруулахгүй байхаар шийдвэрлэсэн байна. Энэ сард тус банк хоёр ч удаа шуурхай хуралдаж, бодлогын хүүгээ 0.1 нэгж хувьд буюу түүхэн доод түвшинд хүргэж бууруулаад байгаа юм.

"Хэдийгээр бодлого тодорхойлогчид зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж байгаа ч шинэ төрлийн “коронавирус”-ийн цар тахлын нөлөөгөөр чанаргүй зээл огцом өсөхөөр байна" гэж “HSBC Holdings” анхаарууллаа. Орлогынхоо дийлэнх хэсгийг Азийн орнуудаас бүрдүүлдэг Европын тэргүүлэх банкны хувьд ажлын байраа цомхотгож эхлээд байгаа юм. Шинэ төрлийн “коронавирус”-ийн нөлөөгөөр I улиралд 200-500 сая ам.долларын алдагдал хүлээж болзошгүй гэж “HSBC” банк тооцоолоод байна.

 

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ