Эдийн засаг, хөгжлийн яам, Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран зохион байгуулж буй "Монгол Улсын хөгжлийн санхүүжилтийн шийдэл” сэдэвт арга хэмжээ гурав дахь өдрөө (2026.05.07) “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-д болж өнгөрлөө.

“Ди Би Эм ассет менежмент” ХХК нь тус арга хэмжээний хүрээнд хөрөнгө оруулалтын сангуудын зах зээл дэх оролцоо, сангуудаар дамжуулан төслүүдийг санхүүжүүлэх боломжийн талаар илтгэлүүд танилцуулж, холбогдох хэлэлцүүлгийг өрнүүлэв.

Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү нээж, хэлсэн үгэндээ “Ди Би Эм aссет менежмент” ХХК нь өнөөдрийн байдлаар стратегийн ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтын сангуудыг байгуулж, хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Эдгээр сан нь олон улсын санхүүгийн байгууллагуудын эх үүсвэр, хувийн хэвшлийн оролцоо болон төрийн бодлогын зорилтыг уялдуулсан хөгжлийн санхүүжилтийн бодит шийдэл болж байна хэмээн онцоллоо.

Хөгжлийн банкны Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал Г.Батжаргал “Хөгжлийн банкны хөрөнгийн зах зээл дэх оролцоо” сэдвээр тавьсан илтгэлдээ Хөгжлийн банк нь байгуулагдсан цагаасаа олон улсын зах зээлд идэвхтэй оролцож, өнгөрсөн хугацаанд нийт 4.86 тэрбум ам.долларын эх үүсвэр татан төвлөрүүлж, Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд стратегийн ач холбогдол бүхий төслүүдийг санхүүжүүлснийг онцлоод 2026 онд олон улсын зах зээлд бонд гаргаж, эх үүсвэр татах судалгаа хийгдэж байгаа талаар мэдээлэл өгсөн юм.

“Ди Би Эм ассет менежмент” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Тэмүүжин “Хөрөнгө оруулалтаас нөлөөлөл рүү” сэдвээр илтгэл танилцуулав. Тус компани нь “Бүсийн ногоон хүртээмжтэй хөдөө аж ахуйн бизнес” хувийн хөрөнгө оруулалтын сан, “Эко хороолол ба орлогод нийцсэн ногоон орон сууцны сан хувийн хөрөнгө оруулалтын сан” ХХК, “Ди Би Эм ногоон хөгжил хувийн хөрөнгө оруулалтын сан” ХХК зэрэг гурван санг үүсгэн байгуулж, удирдаж байна. Тэрбээр илтгэлдээ "Эдгээр хөрөнгө оруулалтын сангууд нь нийт 230 сая ам.долларын хөрөнгийг татан төвлөрүүлж, ногоон болон нийгэмд чиглэсэн төслүүдийг санхүүжүүлнэ..." гэлээ.

“Ди Би Эм ассет менежмент” ХХК-ийн Хөрөнгийн удирдлагын газрын захирал С.Бэрцэцэг “Бүсийн ногоон, хүртээмжтэй хөдөө аж ахуйн бизнесийг санхүүжүүлэх нь” сэдвээр илтгэл тавив. “Ди Би Эм ассет менежмент” ХХК-ийн удирдаж буй гурван сангийн нэг нь “Бүсийн ногоон хүртээмжтэй хөдөө аж ахуйн бизнес” хувийн хөрөнгө оруулалтын сан бөгөөд тус сангаар дамжуулан хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ, бүтээгдэхүүн боловсруулах үйл ажиллагаа болон уг салбарт бизнес эрхлэхэд шаардлагатай дэд бүтцэд хөрөнгө оруулж, дэмжин ажиллах талаар танилцууллаа.

Тодруулбал, Эдийн засаг, хөгжлийн яамнаас бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх, хөдөө аж ахуйн салбарын зах зээлийн доголдлыг засах, бүсчилсэн ногоон хөгжлийг санхүүжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар болон Азийн Хөгжлийн банк хооронд олон улсын зээлийн хэлэлцээр байгуулж, “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэн дээрх санг “Ди Би Эм ассет менежмент” ХХК-иар удирдуулж байгаа юм.

“Ди Би Эм ассет менежмент” ХХК-ийн Сангийн менежер Г.Юмханд “Орлогод нийцсэн орон сууц, эко хорооллыг санхүүжүүлэх нь” сэдвээр тавьсан илтгэлдээ  “Эко хороолол ба орлогод нийцсэн орон сууцны сан” хувийн хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан ногоон, эко хорооллыг байгуулах хөгжүүлэгчийн санхүүжилт болон тухайн орон сууцыг худалдан авах иргэдэд зориулсан ипотекийн санхүүжилтийг шийдвэрлэхээр ажиллаж буй талаар танилцуулав.

Тодруулбал, Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Орлогод нийцсэн орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн хоёрдугаар ээлжийн 4200 айлын орон сууцны барилгын санхүүжилтийг арилжааны банкуудтай хамтран санхүүжүүлэх юм.

Үргэлжлүүлэн “Бэлчээрийн доройтолтой бүс нутгийн тогтвортой амьжиргаа ба ногоон хөгжлийн шийдлүүд” агуулгаар хэлэлцүүлэг өрнөлөө. Бэлчээрийн доройтол нэмэгдэж буйтай холбоотойгоор төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлж, хамтран ажиллах шаардлага байгааг оролцогчид онцлов. Иймд бэлчээрийн доройтлыг бууруулах чиглэлээр оролцогч талууд болох олон улсын байгууллагууд болон арилжааны банкууд боломжит хэлбэрүүдээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Мөн Эдийн засаг, хөгжлийн яамны нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжээс “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд бодитой ажил, санаачилгуудыг хэрэгжүүлж байгааг дурдсан юм.

“Үнэт Праявит Экүити Хувийн ХОС”-гийн ТУЗ-ийн гишүүн, Үнэт инновэйшнс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ө.Мөрөн “Монголын хөрөнгийн зах зээлийн дараагийн шат-Хөрөнгө оруулалтын сан” сэдвээр илтгэл танилцуулав. Дэлхийн нийт хөрөнгийн гуравны нэг буюу 381 их наяд ам.доллар нь хөрөнгө оруулалтын шинжтэй хөрөнгө бөгөөд үүний 41.3 хувийг хөрөнгө оруулалтын сангууд удирдаж байна. Монгол Улсын хувьд 2025 оны байдлаар нийт 721.3 тэрбум төгрөгийн хөрөнгийг 54 хөрөнгө оруулалтын сан удирдаж байна. Цаашид Монголын хөрөнгө оруулалтын сангийн зах зээл 112 их наяд төгрөгт хүрэх боломжтой гэсэн тооцоолол гарсан. Энэ нь тус салбарын хөгжил дөнгөж эхлэл шатандаа байгаа бөгөөд өсөлтийн потенциал өндөр байгааг тодотгов.Энэ өдрийн хэлэлцүүлэг “Хөрөнгө оруулалтын сангууд хөрөнгийн зах зээлийг хөдөлгөгч хүч мөн үү?” сэдвээр үргэлжилсэн юм. Манай улсад сүүлийн жилүүдэд Хөрөнгө оруулалтын сангууд идэвхтэй хөгжиж, хөрөнгийн зах зээлийн шинэ бүтээгдэхүүн, санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгож байгааг оролцогчид онцоллоо. Түүнчлэн хөрөнгө оруулалтын сан нь урт хугацааны хөрөнгө татах, эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг санхүүжүүлэх, хувийн хэвшлийн өсөлтийг дэмжих замаар хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх стратегийн ач холбогдолтой институц болохыг дурдсан. Гэсэн хэдий ч салбарын эрх зүйн орчин, татварын зохицуулалт, хөрөнгө оруулагчдын оролцоо, зах зээлийн гүнзгийрэл зэрэг тулгамдсан асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэж, институцийн орчныг сайжруулах шаардлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Энэ хүрээнд төр, хувийн хэвшил болон санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын сангийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх нь чухал байгааг тэмдэглэв.

Мэдээ