Нийтэлсэн огноо: 2020 оны 04 сарын 29 10:20

Лхагва гарагийн өглөөний байдлаар WTI газрын тосны үнэ 13 ам.доллар болж өмнөх өдрөөс долоон хувиар өсөөд байна. Харин брент төрлийн газрын тосны үнэ баррель тутамд 20 ам.доллар байгаа юм.

Нийлүүлэлт эрэлтээс хол давсан байгаа ч цаашдын төлөвт тодорхойгүй зүйл их байна. Тухайлбал: ирэх зургаадугаар сард нийлүүлэх WTI газрын тосны үнийг өмнөх сарынхтай адил таамаглахад хүнд, үнэ эргээд хасах түвшинд хүрэх магадлалтай байгааг Нью-Йоркт төвтэй “Tyche Capital Advisors” онцолжээ.

Хөгжиж буй 25 улсын 16-гийнх нь валютын ханш брент төрлийн газрын тосны үнэтэй харьцуулахад хамгийн багадаа 15 жилийн дээд түвшинд хүрч өсөөд байгааг “Bloomberg” тооцоолсон байна.

Судалгаанаас харахад цар тахлын үед хөгжиж буй орнуудын валютын ханш эдийн засгийн төлөвөөс илүү хамаарч байгаа аж. Харин газрын тосны үнийн огцом өөрчлөлт төдийлөн нөлөө багатай байгааг онцолжээ. Ойрын хэдэн сард цар тахлын тархалт намжвал, хөгжиж буй орнуудын валютын ханш газрын тосны үнээс хурдацтай чангарна гэж “Wells Fargo” таамаглаж байна.

Он гарснаас хойш брент төрлийн газрын тосны үнэ 68 хувиар буураад байна. Харин хөгжиж буй орнуудын валютын ханш энэ хугацаанд зургаан хувиар суларчээ.

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ