Нийтэлсэн огноо: 2020 оны 04 сарын 27 10:20

ОХУ-ын Төв банк бодлогын хүүгээ 50 суурь пунктээр бууруулж, 5.5 хувь болголоо. Энэ нь “Bloomberg”-ийн эдийн засагчдын таамагтай нийцсэн дүн болж байна.

Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр ОХУ-ын Төв банкны тэргүүн Эльвира Набиуллина "Цаашид бодлогын хүүг бүтэн нэгж хувиар бууруулах боломжтой" гэж мэдээлсэн юм. ОХУ бодлогын хүүгээ 5.5 хувь болгон хагас пунктээр бууруулсан нь 2014 онд Крымийг өөртөө нэгтгэснээс хойш байгаагүй бага дүн боллоо. “COVID-19”-ийн халдварын улмаас ОХУ-ын эдийн засаг энэ онд 4-6 хувиар агшина гэж Төв банк нь тооцоолжээ. Энэ нь сүүлийн 10 гаруй жилд буюу 2009 оноос хойш байгаагүй гүн уналт юм.

"Урал" төрлийн газрын тосны үнэ баррель тутамдаа дунджаар 27 ам.доллар байна гэж тооцоолж байгаа нь ОХУ-ын Төв банкны өмнөх таамгаас хоёр дахин бага дүн юм. Ингэснээр ОХУ-ын төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний зургаан хувьтай дүйцнэ гэж Эльвира Набиуллина мэдэгдлээ.

Бодлогын хүүг бууруулж байгаа нь орос рублийн ханш сулрах нөхцөлийг бүрдүүлж байна. Хэдийгээр дотоод валютын ханшаа бууруулах сонирхолгүй байгаа ч эдийн засгийн хүндрэлийг давахын тулд мөнгөний тэлэх бодлогоо эрчимжүүлж байгаа аж. Өнгөрсөн сард ОХУ хоёр тэрбум ам.долларын үнэ бүхий Засгийн газрын бонд гаргасан юм. Хэрэв "Эрэлт байвал бонд нэмж гаргана" гэж ОХУ-ын Сангийн сайд мэдэгдлээ.

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ