Нийтэлсэн огноо: 2020 оны 04 сарын 22 09:40

Агуулахууд дүүрсэн явдал АНУ-д газрын тосны үнэ хасах (-) руу буусан нэг том шалтгаан болж байна. Тухайлбал: дэлхийн хамгийн том газрын тосны бие даасан агуулахыг эзэмшигч “Royal Vopak”-ийн нөөц дүүрээд байгаа аж.

Тус компани дэлхий даяар агуулахууд нэлэнхийдээ дүүрснийг онцолж байна. Зөвхөн засвар хийгдэж байгаа нөөцлүүрүүд сул байгаа тул засварын ажлыг түргэвчлэхэд анхаарлаа хандуулж байгаа ажээ.

Үүнээс гадна Хойд мөсөн далайн ойролцоо газрын тос, шатахуун ачсан хөлөг онгоцнууд олон хоног хөдөлгөөнгүй зогсоод байгаа талаар мэдээлэл байгаа юм. Ялангуяа АНУ-д нөхцөл байдал хамгийн хүнд байна. Дэлхийн газрын тосны өдрийн нийт хэрэглээний 20 хувийг хадгалах багтаамжтай Калифорни дахь агуулах бүрэн дүүрч, далайн эргийн ойр 30 гаруй танкерууд сул зогсоод байгаа юм. Тиймээс энэ хүнд үеийг давахаар газрын тосны компаниудад зээлийн эх үүсвэр олгохоор төлөвлөж байгаагаа Дональд Трамп мэдэгджээ.

Олон улсын эрчим хүчний агентлаг газрын тосны өдрийн хэрэглээ энэ сард 29 сая баррелиар буурна гэж тооцоолжээ. Өөрөөр хэлбэл "OPEC+"-ийн 9.7 сая баррель үүний хаана нь ч хүрэхээргүй байгаа аж. Хэдийгээр Саудын Араб болон ОХУ цаашид гарцаа танахад бэлэн байгаагаа илэрхийлсэн ч тодорхойгүй хэвээр байна. “Morgan Stanley”-ийн шинжээчийн хэлж байсанчлан газрын тосны зах зээл яг одоогоор бүх хүний хяналтаас гарчихсан гэж хэлж болохоор байгаа юм.

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ