Нийтэлсэн огноо: 2020 оны 04 сарын 10 17:00

"COVID-19" цар тахлын уршгаар дэлхий даяар хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэхэд хүнд болж байна. Тухайлбал: Филиппиний дийлэнх будаа, гурилын импорт дамждаг гол боомт ачааллаа дийлэхгүй, энэ долоо хоногт хаагдах эрсдэлтэй байгаа аж.

Үүний зэрэгцээ кофегоороо алдартай Гватемал, Хондурасын боомтын ажиллах цаг богиноссон байна. Энэ нь дамжин өнгөрөх ачаа тээврийн хэмжээг хязгаарлахад хүргэжээ. Мөн хөл хорионы улмаас олон хүн цугларахыг хориглосон тул ачаа буулгаж, ачих хүн хүрэлцэхгүй байгаа аж. АНУ-д л гэхэд Лос Анжелесийн боомтын тээвэр 31 хувиар буурсан байна.

Халдварын цар хүрээ тэлж дэлхийн хүнсний хэрэгцээний гол бүтээгдэхүүнийг нийлүүлдэг ОХУ, АНУ болон Өмнөд Америкийн боомтын ажиллагаа зогсвол хомсдол үүсэх аюултай болжээ. Энэтхэг улс дийлэнх бизнесийн ажиллагааг зогсоосон нь тус улсаас авдаг хувцас бараа, хоолны амтлагч тасалдахад хүргэсэн байна. Хэдий тийм боловч тахлын улмаас хүндрэлд ороод байсан зарим боомтын ажиллагаа хэвийн болж эхэлжээ. Тухайлбал: хэдэн мянган тонн хөлдөөсөн бүтээгдэхүүн боомтод гацсаны улмаас устгалд оруулах шаардлагатай тулгараад байсан БНХАУ-ын боомтын ажиллагаа хэвийн ажиллаж байна.

Мөн шар буурцаг, үхрийн мах, элсэн чихэр, кофены гол экспортлогчдын нэг Бразилын боомтууд Засгийн газар, компаниудын хамтарсан шийдлийн ачаар хэвийн горимдоо шилжжээ.

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ