Нийтэлсэн огноо: 2020 оны 04 сарын 07 12:00

Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзогийн Засгийн газар нэлээд удаан хугацаанд хэлэлцсэний дүнд онц байдал зарлах шийдэлд хүрч байна. Эдийн засаг нь өнгөрсөн оны төгсгөлийн улиралд (-) хасахтай гарсан учир “COVID-19” цар тахлын үед эдийн засгаа хамгаалахад маш ихээр анхаарч байгаа аж.

Япон улсын Засгийн газар хуралдаж, шинэ төрлийн “коронавирус”-ийн тархалтыг хумих зорилгоор нийслэл Токио болон Осака хотыг оруулаад нийт долоон мужид онц байдал зарлах шаардлага үүссэн гэдэгт санал нэгдсэн байна. Онц байдал нэг сарын хугацаанд үргэлжилнэ гэж төлөвлөж байна.

Харин эдийн засгаа дэмжихийн тулд 108 их наяд иен буюу нэг их наяд ам.долларын багц санхүүжилт батлахад санал нэгджээ. Энэ нь Япон улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө юм. Онц байдал тогтоох долоон бүсэд Чиба, Сайтама, Канагава зэрэг нийслэл Токиог тойрсон төвийн бүсийн гэж хэлж болохоор нэгжүүд багтаж байна. Эдгээр нь хамтдаа Японы дотоодын нийт бүтээгдэхүүний 48 хувийг бүрдүүлж байгаа аж. Тиймээс эдийн засгийн утгаар нь авч үзвэл Япон улсын эдийн засгийн хагас нь онц байдлын дэглэмд шилжих гэж байна гэж хэлж болохоор байгаа юм.

Онц байдлын шийдвэртэй зэрэгцээд “Citigroup” Япон улсын эдийн засаг 2020 оны II улиралд 20 хувиар агшиж магадгүй байна гэсэн таамаг дэвшүүлсэн нь анхаарал татаж байна. Япон улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2019 оны төгсгөлийн улиралд долоо орчим хувиар буурсан дүнтэй байгаа юм. Эрсдэл ийнхүү нэмэгдэж байгаа цаг үед Абэ Шинзогийн Засгийн газар иргэд болон бизнесүүддээ чиглэсэн ямар арга хэмжээ авах гэж байгаагаа мэдэгдлээ.

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо “Онц байдлын үед авах эдийн засгийн арга хэмжээнүүдийг төсвийн шийдвэрийн хамт удахгүй танилцуулна. Хүмүүсийн амь нас, иргэдийнхээ аж байдлыг хамгаалахын тулд эдгээр арга хэмжээнүүдийг авах гэж байна.Цар тахлын улмаас орлого нь огцом буурч, амьжиргаа нь хүндэрсэн өрхүүдэд 300 мянган иен олгоно. Мөн маш хүнд нөхцөлд байгаа жижиг, дунд бизнесүүдэд хоёр сая иен, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд нэг сая иен тус тус олгохоор болсон. Ийм байдлаар бэлэн мөнгө тараах арга хэмжээ өмнө нь авч байгаагүй” гэж мэдэгдлээ.

Японы нийслэл Токио хот “COVID-19”-ийн тархалт хамгийн ихээр өртсөн газар болоод байна. Абэ Шинзогийн Засгийн газар хэлэлцээд Франц зэрэг бусад улсаас ялгаатай журам боловсруулсан байна. Тухайлбал: хөл хориог үл харгалзан гадуур гарсан хүмүүстээ ямар нэг хуулийн хариуцлага тооцохгүй байхаар төлөвлөжээ.

Европ дахь голомтуудын нэг Франц улс иргэддээ мөнгөн торгууль ногдуулж байгаа юм. Токиод даваа гарагт шинэ төрлийн “коронавирус”-ийн 83 тохиолдол нэмж бүртгэгдээд байна. Ийнхүү Японд халдварын батлагдсан тохиолдол 4057 болоод байна. "Шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гаралгүй, зайнаас ажиллах”-ыг Токио хотын захирагч Юрико Койкэ уриалаад байгаа юм.

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ