Нийтэлсэн огноо: 2020 оны 03 сарын 31 09:30

Шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар авсан ч шинж тэмдэг илрэхгүй байгаа хүний тоог мэдээлж эхэлнэ гэж БНХАУ мэдэгдлээ.

Италид халдварын шинэ тохиолдлын тоо сүүлийн хоёр долоо хоногийн доод түвшинд хүрч буурсан байна. Тус улс “COVID-19”-ийн тархалтаас сэргийлсэн арга хэмжээгээ ирэх сарын 12 хүртэл үргэлжлүүлэхээр сунгажээ. 2-3 долоо хоногийн өмнөөс арга хэмжээ авч эхэлсэн Итали, Испани зэрэг Европын орнуудад нөхцөл байдал удахгүй тогтворжих магадлалтай гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээллээ. Халдварын шинэ тохиолдлын тоог бууруулахад идэвхтэй арга хэмжээ авах шаардлагатай ч Итали, Испанид энэ үзүүлэлт бараг оргил цэгтээ хүрсэн гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага таамаглаж байна.

Евро бүсийн Сангийн сайд нар цар тахлын үед хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээнүүдийг хэлэлцэхээр дөрөвдүгээр сарын долоонд хуралдахаар товлосон байна.

Харин Токиогийн захирагч иргэдээ шөнийн цэнгээний газруудаар үйлчлүүлэхгүй байхыг уриалсан байна. Тус хотод вирусийн халдварын тоо сүүлд нэмэгдсэн нь эдгээр үйлчилгээний газруудтай холбоотой гэж үзэж байгаа юм байна.

Түүнчлэн ОХУ Москва болон ойролцоох бүс нутгуудад хөл хорио тогтоогоод байна. Цар тахлын үед шаардлагатай арга хэмжээг авч байгаагаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.

АНУ-ын хувьд Нью-Йорк мужид халдварын шинэ тохиолдлын тоо буурсан байна. Гэхдээ нас баралт 26 хувиар нэмэгджээ.

Олон улсад “COVID-19”-ийн халдвар авсан хүний тоо 784 мянга давж, 37.7 мянган хүн нас бараад байна. Харин эдгэрсэн хүний тоо 164.5 мянга байна. АНУ-д халдварын тохиолдол 19.9 мянгаар нэмэгдэж, 165 мянга давсан бол Испанийнх 7.8 мянгаар, Италийнх 4000-аар нэмэгдэв. Харин нас баралт Испанид 913-аар, Италид 812-оор өсжээ. Халдварын тохиолдол 1000 давсан 40 гаруй улс байна.

Үүнээс гадна жижиглэн худалдааны “Gap” компани АНУ, Канад дахь дэлгүүрүүдийнхээ дийлэнх ажилтнуудаа амраасан байна. Мөн “Macy's” сүлжээ дэлгүүр энэ долоо хоногт 130 мянган ажилтныхаа дийлэнхийг амраана гэдгээ мэдэгджээ.

Харин “Johnson & Johnson” компани вирусийн эсрэг вакцин гаргахаар АНУ-ын Засгийн газартай хамтарч нэг тэрбум ам.долларын төсөл хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэний дараа хувьцааны ханш нь найман хувиар өслөө. Тус компани нэг тэрбум ширхэг вакцин гаргах зорилт тавьсан, эхний ээлжид яаралтай ашиглах вакцин нь ирэх оны нэгдүгээр сард бэлэн болно гэж тооцоолж байгаа юм байна.

 

Эх сурвал: bloombergtv.mn

Мэдээ