Нийтэлсэн огноо: 2020 оны 03 сарын 30 09:30

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хөл хориог дөрөвдүгээр сарыг дуустал нэг сараар сунгалаа. Тэрбээр мөн Конгрессын баталсан эдийн засгаа аврах 2.2 их наяд ам.долларын төсвийн төсөлд гарын үсэг зурж, баталгаажуулаад байна.

АНУ-д "COVID-19" өвчлөлөөс үүдэлтэй нас барсан хүний тоо 2475 болж, халдварын тохиолдол 141 мянга даваад байна. Цаашлаад нас баралт 200 мянгад хүрч магадгүй гэж АНУ-ын Халдварт өвчин судлалын институт таамаглаж байгаа аж. Нийт нас барсан хүний 30 гаруй хувь нь Нью-Йорк мужид бүртгэгдээд байна.

Олон улсад шинэ төрлийн “коронавирус”-ийн халдварын тохиолдол 721 мянга 412 хүрч, нас барсан хүний тоо 33.9 мянга даваад байна. Харин 151 мянган хүн эдгэрчээ. Халдварын тохиолдол Испанид хамгийн ихээр буюу 6.8 мянгаар, Италид 5.2 мянгаар, Германд 4.4 мянгаар тус тус нэмэгдсэн байна. Их Британи хөл хорионы арга хэмжээ хагас жил хүртэл үргэлжилж магадгүй гэж тооцоолж байна.

Шинэ төрлийн “коронавирус”-ийн халдварын 100 орчим тохиолдол бүртгэгдээд байгаа Нигери улс хэд хэдэн хотдоо хөл хорио тогтоогоод байна. Мөн Индонез улсын хэмжээнд хөл хорио зарлахаар бэлтгэж байгаа аж. Харин Словени улс хөдөлмөрийн зах зээл, бизнес, нийгмийн халамжийн үйлчилгээг дэмжихийн тулд 3.3 тэрбум ам.долларын арга хэмжээ авахаар төлөвлөжээ.

Нас баралтын 16 тохиолдол бүртгэгдээд байгаа Австрали улс эдийн засгаа дэмжих гурав дахь ээлжийн багц хөтөлбөр танилцуулахаар төлөвлөж байна. Хөдөлмөр эрхлэгчдэд ирэх зургаан сард хоёр долоо хоног тутамд 1500 австрали долларын тэтгэмж олгохоор төсөлд тусгажээ.

Москва хотын захирагчийн шийдвэрийн дагуу энэ даваа гарагаас эхлэн 12.7 сая оршин суугч гэр гэртээ тусгаарлагдахаар болсон байна. Тус хотод "COVID-19"-ийн тархалт шинэ шатандаа орсныг тэрбээр анхааруулж байна.

 

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ