Нийтэлсэн огноо: 2020 оны 03 сарын 30 10:10

Нарийнсухайтын ордоос нүүрс экспортолж байгаа “SouthGobi Resources” компани 2020 оны эхний улиралд 13-18 сая ам.долларын алдагдал хүлээх төлөвтэй байгаа талаар мэдэгдлээ. Өнгөрсөн оны мөн үед тус компани 2.1 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллаж байжээ.

Шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвараас сэргийлж нүүрсний экспортыг хоёрдугаар сарын 11-нний өдрөөс эхлэн зогсоосон нь ийнхүү алдагдал хүлээхэд шууд нөлөөлж байгаа гэж үзжээ.

“SouthGobi Resources” компани гуравдугаар сарын 27-ны байдлаар нүүрсний экспортоо эхлүүлж болох талаар ямар нэгэн мэдэгдэл хүлээн аваагүй байгаа гэсэн юм. Хэдий тийм боловч Шивээхүрэн-Сэхэ боомтын нүүрсний экспорт өнөөдрөөс буюу энэ даваа гарагаас эхэлж байна. Өнгөрсөн бямба гарагт туршилтаар 35 автомашин нүүрс гаргасан байна.

Харин энэ даваа гарагаас эхлээд өдөрт 70-100 автомашин чингэлэг нүүрс гаргахаар төлөвлөж байгаа талаар Өмнөговь аймгийн засаг дарга мэдээллээ. Гашуунсухайт-Ганц мод боомтын нүүрсний экспорт долоо хоногийн өмнө эхэлсэн юм. Хэдийгээр өдөрт 70 автомашин нүүрс гаргахаар төлөвлөж байсан ч өнгөрсөн долоо хоногт өдөрт 30-40 автомашин нүүрс гаргаж байгаа талаар орон нутгаас мэдээллээ.

Халдваргүйжүүлэлт, ариутгалын ажлыг гүйцэтгэж байгаагаас гадна нүүрс тээврийн жолооч нарыг өдөрт нь буцаан хилээр нэвтрүүлж байгаа юм байна.

 

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ