БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин улсынхаа бонд, хувьцааны зах зээлийг дэмжихэд 48.5 их наяд вон буюу 39 тэрбум ам.доллар зарцуулахаа мэдэгдлээ. Цар тахлын нөлөөгөөр тус улсын санхүүгийн зах зээл огцом савлаад байгаа юм.

Шинэ төлөвлөгөөний хүрээнд БНСУ-ын Засгийн газар бондын зах зээлд зориулж 20 их наяд воны тогтворжуулалтын сан байгуулна. Энэ нь эхний төлөвлөгөөнөөс хоёр дахин өндөр дүн юм. Мөн компанийн бондууд худалдаж авна. Харин хувьцаанд зориулсан тогтворжуулалтын сангийн хөрөнгө 10.7 их наяд вон байх аж. Мөн зээлийн эрсдэлтэй тулгарсан компаниудыг 17.8 их наяд воны дэмжлэг үзүүлэх юм байна.

БНСУ-ын “Kospi” индекс нэгдүгээр сарын оргил үеэсээ 30 хувиар буураад байгаа юм. Улмаар хөрөнгийн зах зээлээс 400 тэрбум вон арчигджээ.

Экспортын орлогоос ихээхэн хамааралтай тус улсын хувьд цар тахал олон улсад бизнесүүдийг зогсоож, хэрэглээг бууруулж буй нь эрсдэлийг нэмэгдүүлж байна. Богино хугацааны зээлийн хүү өндөр байгаа энэ үед компаниуд хөрөнгө босгоход хүндрэлтэй байна.

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ