Монгол Улсын Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 26 дугаар зүйлд хөрөнгө оруулалтын сангийн активд дараах төрлийн хөрөнгө оруулалтын хэрэгсэл байж болохоор заасан. Үүнд:

  1. Засгийн газрын өрийн хэрэгсэл;
  2. Нээлттэй хувьцаат компанийн хувьцаа;
  3. Хаалттай хувьцаат компанийн болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа;
  4. Зохицуулалттай зах зээлд нээлттэй арилжаалагддаг компанийн өрийн хэрэгсэл;
  5. Зохицуулалттай зах зээлд нээлттэй арилжаалагддаггүй компанийн өрийн хэрэгсэл;
  6. Гадаад улсын Засгийн газраас гаргасан үнэт цаас;
  7. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн дагуу гаргасан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас;
  8. Үүсмэл санхүүгийн хэрэгсэл;
  9. Гадаадын болон үндэсний валют;
  10. Алт болон бусад арилжаалах боломжтой уул уурхайн бүтээгдэхүүн;
  11. Үл хөдлөх эд хөрөнгө болон үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших эрх.

Бид үүсгэн байгуулах хөрөнгө оруулалтын сангийн зорилго, төслийн онцлог шинж чанар, сангийн бодлогод нийцүүлэн дээрх хөрөнгө оруулалтын хэрэгслүүдээс тохиромжтойг сонгон хөрөнгө оруулалт, санхүүжилт хийнэ.

Бидний үүсгэн байгуулсан Үндэсний стратегийн хөрөнгө оруулалтын сангийн хувьд төсөл хэрэгжүүлэгч, эсхүл төслийн компанийн гаргасан хувьцаа, өрийн хэрэгслийг худалдан авах замаар төсөлд хөрөнгө оруулалт, санхүүжилт хийнэ.