Нийтэлсэн огноо: 2020 оны 05 сарын 12 16:15

“Алтан Цагаан овоо” ордын хүдэр боловсруулалтаа гуравдугаар сард эхэлсэн “Steppe Gold” компани баяжмалаа борлуулж эхэлсэн байна.Тус компани Монголбанканд 5233 унц алт, 1372 унц мөнгө тушааснаа мэдээллээ.

Үүнээс олсон орлого нь 8.5 сая ам.доллар болсон байна. Тавдугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд нийт тонн тутамд хоёр грамм алтны агууламжтай 640 мянган тонн хүдэр олборлон боловсруулжээ. “Steppe Gold” компани 2020 онд 60 мянган унц алт үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж. Тус компани бэлэн мөнгөний эерэг урсгалаа ашиглан ил уурхай, боловсруулах үйлдвэрээ өргөжүүлж, алтны жилийн гарцаа 150 мянган унц болгохоор зорьж байна. "COVID-19" цар тахал “Steppe Gold”-ийн үйл ажиллагаанд материаллаг хохирол учруулаагүй бөгөөд 2020 оны гарцад нь нөлөөлөхгүй гэж харж байгаагаа мөн мэдээллээ. Үүний зэрэгцээ Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам, Монголбанкнаас эдийн засгийн хүнд үеийг даван туулах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чухал оролцоотой байгааг онцолжээ.

Торонтогийн Хөрөнгийн биржид даваа гарагийн арилжаа хаагдах үед “Steppe Gold”-ийн хувьцааны ханш 0.6 хувиар буурч, 1.66 канад доллар болсон байна.

Эх сурвалж: bloombergtv.mn

COVID-19