Нийтэлсэн огноо: 2020 оны 05 сарын 01 10:20

Европын Төв банк хөл хорионы их хямралаар эдийн засгийг зөөлөн газардуулах арга хэмжээгээ үргэлжлүүлж байна. Энхийн цагт тохиож байгаагүй хямрал нүүрлэж тус бүсийн эдийн засаг I улиралд 3.8 хувиар буюу өмнө тохиож байгаагүй хамгийн огцом хэмжээгээр агшаад байгаа юм.

Энэ улиралд уналт улам гүнзгийрнэ гэж Европын Төв банкны Ерөнхийлөгч Кристин Лагард онцолж байсан юм. Үүнтэй холбоотойгоор арилжааны банкнуудад олгодог урт хугацаатай зээлийн хүүг бууруулсан байна. Түүнчлэн тодорхой нөхцөлтэйгөөр зарим банкнуудад сөрөг хүүтэй зээл олгохоо мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл банкнууд зээл авсныхаа төлөө шимтгэл хүртэнэ гэсэн үг аж. Ийнхүү банкнуудыг хөрөнгөжүүлснээр бизнест олгох зээлийн урсгалыг тасалдуулалгүй, ажлын байрыг хамгаалах зорилготой байна.

Европын Төв банкны Ерөнхийлөгч Кристин Лагард
“Европын Төв банкны шинжээчдийн тооцоогоор Евро бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүн энэ онд 5-12 хувиар агшихаар байна. Үүний дараа ирэх жилүүдэд тогтворжиж, сэргэнэ. Агшилт болон сэргэлтийн хурд нь хөл хорио тогтоох арга хэмжээний цар хүрээ, хугацаанаас хамаарна. Нийлүүлэлт тасалдалгүй үргэлжлэх, дотоодын эрэлтийн өсөх эсэх нь ажилгүйдлээс сэргийлж, орлогоо алдахаас хамгаалах арга хэмжээнүүдийн үр дүнгээс хамаарна” гэж мэдэгдлээ.

 

Эх сурвалж: bloombergtv.mn 

Мэдээ