Нийтэлсэн огноо: 2020 оны 04 сарын 30 09:40

АНУ-ын эдийн засаг энэ оны эхний улиралд 4.8 хувиар агшсан үзүүлэлттэй гарлаа. 11 жил шахам үргэлжилсэн АНУ-ын хамгийн урт хугацааны өсөлтөд шинэ төрлийн “коронавирус” цэг тавив.

Бизнесүүд үүдээ барьж, ганцхан сарын дотор ажилгүй иргэдийн тоо 26 саяар өсжээ. "Хэдий тийм боловч муу үзүүлэлт үүгээр төгсөхгүй, энэ улирал улам ч дор байна" гэж эдийн засагчид тооцоолж байна. Өөрөөр хэлбэл 1940 оноос хойших статистикт бүртгэгдсэн хамгийн тааруу жилийн эхний хагас болох нь бараг тодорхой байгаа юм. V хэлбэрээр эрчимтэй сэргэнэ гэх найдлага замхарсан байна. Дийлэнх тоон үзүүлэлтүүдийг харахад уналт гүнзгийрч, цар тахал намжсаны дараа л сэргэх төлөвтэй байгаа аж. Хамгийн гол эдийн засгийн хөдөлгүүрүүдийн нэг хэрэглээ аажмаар сэргэнэ гэх тооцоо давамгайлж байна.

Зан төлөвийн эдийн засагчид "Болгоомжилсон иргэд зайлшгүй шаардлагатай бус худалдан авалт хийх шийдвэрээ хойшлуулна" гэж дүгнэж байна. Ажилгүйдэл өсөхийг дагаад өрхийн орлого буурах тул худалдан авалт, компаниудын борлуулалт унах нь гарцаагүй байгаа ажээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн сард 2.2 их наяд ам.долларын дүнтэй хямралын үеийн багц баталсан юм. Түүнчлэн Холбооны Нөөцийн банк өөрийн эрх мэдлийн хүрээнд хямралыг гэтлэх есөн хөтөлбөр хэрэгжүүлэх болоод байна. Хэдий тийм боловч төсвийн алдагдалдаа санаа зоволгүй, "сейфээ" бүрэн нээх цаг гэдгийг тус банкны тэргүүн сануулсаар байна.

Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл
“Холбооны Нөөцийн банкийг удирдаж эхлэхээсээ ч өмнө олон жилийн турш төсвийн алдагдлаа бууруулж, тогтворжуулахыг уриалж ирсэн. Гэхдээ энэ чиглэлд хангалттай өөрчлөлт гараагүй. Өөрөөр хэлбэл өрийн хэмжээ эдийн засгаасаа илүү хурдтай өсөж байна. Хэдий тийм боловч яг одоо энэ асуудлыг түр хойш тавих хэрэгтэй. Энэ бол АНУ-ын агуу их төсвийн чадавхыг ашиглан эдийн засагтаа урт хугацааны хохирол учруулалгүйгээр яаралтай хөдлөх цаг. Төсвийн алдагдлын асуудлаа шийдвэрлэх боломжтой харьцангуй тайван цаг тун удалгүй ирнэ. Харин яг одоо миний бодлоор энэ болгоомжлолоосоо болж эдийн засгийн хямралтай хийх тулааны зэвсгээ хурааж болохгүй” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: bloombergtv.mn 

Мэдээ