Нийтэлсэн огноо: 2020 оны 04 сарын 29 17:30

"Газрын тосны үнэ баррель нь есөн ам.доллар болсон ч бизнесээ хэвийн явуулах боломжтой" гэж ОХУ-ын газрын тосны хоёр дахь том компани “Lukoil”-ийн Гүйцэтгэх захирал Вагит Алекперов хэллээ.

Түүний үзэж байгаагаар газрын тосны зах зээл 2021 оны эхний хагаст тогтворжих юм байна. Мөн газрын тосны үнэ унасан ч ОХУ-ын компаниуд өрсөлдөх чадвартай хэвээр байгаа гэж үзэж байгаа аж. ОХУ-д үйлчилж байгаа татварын тогтолцоо компаниудад ийм боломж олгож байгаа гэж Вагит Алекперов тайлбарлажээ. OPEC-ийн Өргөтгөсөн бүлгийн гарц танах шинэ тохиролцооны хүрээнд “Lukoil” тавдугаар сараас газрын тосны гарцаа 18 хувиар буюу өдрийн 40 гаруй мянган тонноор бууруулна гэж “Interfax” агентлаг мэдээллээ.

Тавдугаар сарын нэгнээс гарц танах тохиролцоо хэрэгжиж эхэлснээр газрын тосны үнэ баррель нь 30 ам.доллар орчимд хэлбэлзэнэ гэж “Lukoil” таамаглаж байна.

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ