Нийтэлсэн огноо: 2020 оны 04 сарын 29 11:20

“Оюу Толгой” төслийн хөрөнгө оруулагч “Turquoise Hill Resources” компани хувьцаа эзэмшигчдийн жил тутмын уулзалтаа тавдугаар сарын 12-нд хийх гэж байсан ч товоо хойшлуулаад байна.

“COVID-19” цар тахалтай холбоотойгоор нөхцөл байдал ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн талаар “Turquoise Hill Resources” мэдэгдэлдээ дурджээ. Одоогоор шинэ товоо гаргаагүй байна. Харин “Turquoise Hill Resources”-ийн хувьцааны ес орчим хувийг эзэмшигч “Pentwater Capital Management” энэхүү шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. “Pentwater Capital Management”-ийн зүгээс энэ удаагийн хурал дээр жижиг хувьцаа эзэмшигчдийг эрхийг нэмэгдүүлэх арга хэмжээнүүд дээр санал хураахаар зорьж байсан юм. Энэхүү хувьцаа эзэмшигчдийн хурлыг цахимаар зохион байгуулах боломжтой байсан гэж тус компани үзжээ.

Торонтогийн Хөрөнгийн биржид “Turquoise Hill Resources”-ийн хувьцааны ханш мягмар гарагийн арилжаа хаагдах үед 2.8 хувиар буурч, 0.68 канад доллар болжээ.

Дашрамд дурдахад: “Оюу Толгой”-ийн гүний уурхайн бүтээн байгуулалтын явц “COVID-19”-тэй холбоотой нөхцөл байдлаас болж удааширч байгаа талаар тус компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес “Asia Mining” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

“Оюу Толгой” ХХК өнгөрсөн онд үндэсний 560 гаруй компанитай хамтран ажиллажээ.

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ