Нийтэлсэн огноо: 2020 оны 04 сарын 28 10:30

Газрын тосны агуулахууд дүүрч байгаагаас АНУ-ын хамгийн том “ETF” буюу биржид бүртгэлтэй сан зургаадугаар сард нийлүүлэх газрын тосны фьючерс гэрээнүүдээ зарна гэж мэдэгдлээ. Үүний дараа WTI газрын тосны баррелийн үнэ 11 орчим ам.доллар болж буурав.

“United States Oil Fund” компани энэ төрлийн бүх гэрээгээ зарна гэж даваа гарагт мэдэгдсэн юм. Мөн зарим брокерын компаниуд жижиг хөрөнгө оруулагчдыг газрын тос худалдаж авахгүй байхыг зөвлөжээ. Нью-Йоркийн фьючерс арилжаагаар зургаадугаар сард нийлүүлэх WTI газрын тосны үнэ 25 хувиар буурч хаагдсан байна.

Үүнээс гадна зургаадугаар сард нийлүүлэх брент төрлийн газрын тосны үнэ 20 ам.доллароос доош унаад байна. Ирэх 3-4 долоо хоногт дэлхий даяар газрын тосны агуулахууд дүүрэх эрсдэлтэй тул олборлогчид гарцаа 20 хувиар танах шаардлага гарч байна гэж “Goldman Sachs” таамаглажээ.

Түүнчлэн АНУ энэ сард 1.1 сая баррель газрын тосыг стратегийн нөөцдөө авсан байна. Тус улсын Засгийн газар 23 сая баррелийн багтаамж бүхий агуулахаа компаниудад түрээслүүлэх гэрээг эцэслэснээ мэдэгдээд байгаа юм.

БНСУ-д арилжааны зориулалттай газрын тосны агуулахууд бүгд дүүрсэн гэж эх сурвалж мэдээлжээ. Тус улсын агуулахын багтаамжаараа БНХАУ, Япон, Энэтхэгийн дараа Азид дөрөвдүгээрт ордог юм.

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ