Нийтэлсэн огноо: 2020 оны 04 сарын 27 11:00

Үнэт цаас худалдаж авах хөтөлбөрөө тэлж, бодлогын хүүгээ буулгасан ч хямралыг давахад Төв банкнуудын ажил дуусаагүй байна.

Дэлхийн эдийн засгийн бараг хагасыг чиглүүлдэг Холбооны Нөөцийн банк, Европын Төв банк, Японы Төв банкны удирдлага энэ долоо хоногт уулзалт товложээ.

Хөрөнгө оруулагчид Төв банкнууд хямралыг хэр гүн байна гэж тооцоолж байгааг анхааралтай ажигласаар байгаа аж. Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл "Ойрын хугацаанд нэмэлт алхам хийх сэжүүр өгөөгүй ч шаардлагатай тохиолдолд хэрэгжүүлэх төлөвлөгөө бэлэн" гэж мэдэгдсэн байна. Энэ нь “Wall Street”-ийг хэсэг тайвшрууллаа.

Харин Европт гол хүндрэл тулгарч байна. Европын Төв банкны тэргүүн Кристин Лагард “Хямралыг ганц мөнгөний бодлогоор туулж дийлэхгүй” гэж удаа дараалан сануулсан ч Европын удирдагчид тохиролцоонд хүрч чадалгүй цаг алдсаар байна. Хэдий тийм боловч Сангийн сайд нарыг хүлээлгүй үнэт цаас худалдаж авах хөтөлбөрөө 750 тэрбум еврогоос дээшлүүлэх орон зай байгаа ажээ.

Төсөв, мөнгөний нэгдсэн арга хэмжээ авч байгаа Японы Төв банк компаниудыг дампуурахаас хамгаалах нэмэлт арга хэмжээ зарлах магадлал өндөр байна. Өнөөдөр бодлогын шийдвэрээ танилцуулах товтой байгаа юм.

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ