Нийтэлсэн огноо: 2020 оны 04 сарын 27 10:40

Гашуунсухайт боомтын эрдсийн экспорт нэмэгдэж байгаа талаар орон нутгийн эх сурвалжууд мэдээллээ. Дөрөвдүгээр сарын 24-нд буюу өнгөрсөн баасан гарагт Гашуунсухайт боомтоор 178 автомашинаар нүүрс, 96 автомашинаар зэсийн баяжмал экспортолсон талаар Өмнөговь аймгийн засаг дарга “Twitter” хуудастаа мэдээлжээ.

Нүүрсний экспорт хэвийн үед өдөрт 800-1000 орчим автомашин гардагтай харьцуулахад энэ нь бага боловч экспорт дахин сэргэснээс хойших хамгийн өндөр дүнд тооцогдож байна. Харин зэсийн баяжмалын экспорт хэвийн үеийнхтэйгээ ижил болсныг орон нутгаас мэдээлжээ. Гадаад харилцааны сайд өнгөрсөн долоо хоногт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдтай хамт Гашуунсухайт боомтод ажиллаж, БНХАУ-ын Баяннуур хотын удирдлага болон БНХАУ-ын талын Ганцмод боомтын удирдлагуудтай цахим хурал хийжээ.

Оны эхнээс дөрөвдүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд 3.8 сая тонн чулуун нүүрсийг 310.7 сая ам.доллароор экспортлоод байгааг Гаалийн ерөнхий газар мэдээлсэн юм. Монгол Улсын нүүрсний гол хэрэглэгч БНХАУ-ын тухайд гуравдугаар сард Австралиас авсан коксжих нүүрсний хэмжээ нь огцом өсөж, Монголынх буурсан талаар мэдээллээ. Өнгөрсөн оны мөн үед Монгол Улсаас 3.26 сая тонн коксжих нүүрс авсан бол энэ оны гуравдугаар сард 49 мянга 580 тонныг авчээ.

Харин Австралиас импортолсон коксжих нүүрсний хэмжээ жилийн өмнөхөөс хоёр дахин нэмэгдэж, 4.37 сая тонн болсон байна. Бусад улсыг харвал ОХУ-ын нийлүүлэлт 11 хувиар буурсан бол АНУ-ынх 2.2 дахин нэмэгдэж, 133.6 мянган тонн болжээ.

Эх сурвалж: bloombergtv.mn

Мэдээ